ГЭР БҮЛЭЭРЭЭ УНШИХ ХҮҮХДИЙН ЭРХ
“Хүүхдийн эрхийн тухай конвенц”-д суурилсан хүүхдэд ээлтэй аюулгүй орчин, амар амгалан гэр бүл, нийгмийн орчин бүрдэхийг чин сэтгэлээсээ хүсье.

Хүүхдийн эрхийн конвенц нь дэлхийн улс орнууд хүүхдийнхээ эрхийг сахиан хамгаалахаа амласан эрх зүйн баримт бичиг юм. Уг конвенцод хүүхэд гэж хэнийг хэлэх, хүүхэд ямар эрх эдлэх, тэдгээр эрхийг хэрэгжүүлэхэд төр ямар үүрэгтэйг тайлбарласан байдаг.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) ерөнхий ассамблэй 1989 оны 11 сарын 20-нд батласанаас хойш дэлхийн 196 улс уг конвенцод нэгдсэн байна. Монгол улс 1990 онд нэгдэн оржээ.
Конвенц нь хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн удиртгал болон 54 багц зүйл заалтаас бүрдэх бөгөөд хүүхдийн Амьд явах эрх, Хөгжих эрх, Хамгаалуулах эрх, Оролцох эрх гэсэн үндсэн 4 зарчимд тулгуурлан хүүхдийг хамгаалахыг зорьсон байдаг.