1 дүгээр зүйл

Бүх хүүхдийн эрх энэ конвенцоор хамгаалагдана.

2 дугаар зүйл

Хэн ч ялгаварлан гадуурхагдах ёсгүй.

Хүүхэд бүр эрэгтэй, эмэгтэй, хаана амьдардаг, эцэг эх, асран хамгаалагч нь хэн болох, ямар ажил хийдэг, ямар хэлээр ярьдаг, ямар шашин шүтдэг, ямар улсын иргэн байх, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхтэй.

Хүүхэд бүр тэгш эрхтэй. Улс орон бүр бүх хүүхдийн эрхийг ижил тэгш хүндэтгэн хамгаална.

3 дугаар зүйл

Хүүхэдтэй холбоотой аливаа үйл ажиллагааг явуулах, шийдвэр гаргахдаа хүүхдийн аз жаргал, сайн сайхан байдлыг нэгдүгээрт тавьж, сайтар тунгаан бодож хүүхдийн дээд ашиг сонирхолыг хангахад анхаарлаа хандуулна.

4 дүгээр зүйл

Хүүхэд бүхэн эрхээ бүрэн дүүрэн эдэлж, хүүхдийн эрх бүх түвшинд хамгаалагдаж байгаа эсэхэд төр хяналт тавьж ажиллах үүрэгтэй.

5 дугаар зүйл

Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийг эрхээ эдлэхэд нь туслах, эрхийг нь хамгаалах үүрэгтэй.

Төр нь эцэг эхийн эрх үүрэг болон хариуцлагыг хүндэтгэн, удирдан чиглүүлнэ.

6 дугаар зүйл

Хүүхэд бүр эрүүл саруул өсөж, хөгжих эрхтэй.

Төр нь хүүхдийн амьд явах, эрүүл саруул төрж, өсөж, хөгжин төлөвших бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангах үүрэгтэй.

7 дугаар зүйл

Хүүхэд төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, мөн эцэг эхээ мэдэх, хамт амьдарч хайр халамжийг нь хүртэх эрхтэй.

8 дугаар зүйл

Хүүхэд бүр нэр, иргэншил, гэр бүлийн холбоо зэрэг хувийн онцлог байдлаа хадгалах эрхтэй.

Хүүхэд хувийн мэдээллээ хууль бусаар алдсан тохиолдолд, төр нэн даруй сэргээн тогтооход нь тусалж, хүүхдийг хамгаална.

9 дүгээр зүйл

Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах эрхтэй. Хэрвээ эцэг эх нь хүүхэдтэйгээ хэрцгийгээр харьцах, хүүхдээ анхаарал халамжгүйгээр орхисон бол, төр хүүхдийг эцэг эхээс нь тусад нь амьдруулж болно.

Хүүхэд эцэг эхийнхээ аль нэгнээс салж тусгаарлагдсан тохиолдолд, хүүхдийн аз жаргал, сайн сайханд харшлахгүй бол хүүхэд эцэг эхийнхээ аль алинтай нь тогтмол уулзах эрхтэй.

10 дугаар зүйл

Эцэг, эх нь өөр улсад амьдарч байгаа бол хүүхэд эцэг, эхтэйгээ очиж уулзах, тэдэнтэй хамт амьдрах эрхтэй.

11 дүгээр зүйл

Төр хүүхдийг хулгайлагдах, худалдагдахаас хамгаалах үүрэгтэй.

Мөн хүүхдийг хүчээр өөр улс руу шилжүүлэхгүй байх, гадаад улсаас эх орондоо буцах эрхийг нь хангаж ажиллах ёстой.

12 дугаар зүйл

Хүүхэд бүр өөртэй нь холбоотой бүх асуудлаар өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгч, хүндэтгэнэ.

13 дугаар зүйл

Хүүхэд үзэл бодлоо амаар, бичгээр, зургаар болон бусад аргаар чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Мөн төрөл бүрийн мэдээлэл цуглуулах, шинэ санаа гаргах, түгээх эрхтэй.

Гэхдээ бусад хүмүүсийн эрх, нэр хүндийг хүндэтгэх, нийгмийн дэг журам, ёс суртахууныг заавал сахих үүрэгтэй.

14 дүгээр зүйл

Хүүхэд чөлөөтэй сэтгэн бодох, шашин шүтлэг, итгэл бишрэлээ өөрөө сонгох эрхтэй.

Хүүхдийн нас, чадварт нь нийцүүлэн эцэг эх удирдан чиглүүлэх эрх, үүрэгтэй.

15 дугаар зүйл

Хүүхэд найз нөхөд, том хүмүүсийн хамт баг болох, эвлэлдэн нэгдэх, өөрийн сонирхсон аливаа жагсаал, цуглаанд оролцох эрхтэй.

Гэхдээ бусад хүмүүсийн эрх, нэр хүндийг хүндэтгэх, нийгмийн дэг журам, ёс суртахууныг заавал сахих үүрэгтэй.

16 дугаар зүйл

Хүүхэд бүр хувийн нууцтай байх, түүнийг хамгаалуулах эрхтэй.

Хүүхдийн хувийн орон зай болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал, мөн захидал харилцааны нууцад хууль бусаар оролцох, эсвэл дур мэдэн оролцох, хүүхдийн нэр хүндэд хууль бусаар халдаж болохгүй.

17 дугаар зүйл

Хүүхэд өөрт тустай мэдээллийг ном, сонин, сэтгүүл, радио, телевиз болон бусад хэрэгслийг ашиглан олж авах эрхтэй.

Томчууд хүүхдийн сайн сайхан байдалд хохирол учруулах эрсдэлтэй хор хөнөөлтэй мэдээлэл, материалаас хүүхдийг хамгаална.

18 дугаар зүйл

Эцэг эх нь хүүхдээ хамтран өсгөж, хүмүүжүүлэх үүрэгтэй.

Эцэг эх энэхүү үүрэг, хариуцлагаа биелүүлэхэд нь төр зохих дэмжлэг үзүүлнэ.

19 дүгээр зүйл

Төр нь эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж буй хүн хүүхэдтэй зүй бусаар харьцах, хүчирхийлэх, үл хайхрах явдлын бүх хэлбэрээс хүүхдийг хамгаалах үүрэгтэй.

20 дугаар зүйл

Хүүхэд эцэг эх, гэр бүлээсээ түр болон бүрмөсөн хагацсан эсвэл гэр бүл дотроо аюултай нөхцөлд байвал төрөөс онцгой хамгаалалт, тусламж авах эрхтэй.

21 дүгээр зүйл

Зөвхөн хүүхдийн сайн сайхны төлөө, эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хүүхдийг үрчлүүлж болно.

22 дугаар зүйл

Эцэг эх буюу өөр бусад хүн дагалдсан эсэхээс үл хамааран дүрвэн ирэгч хүүхэд дүрвэгчийн эрх авах эрхтэй ба тухайн улсын бусад хүүхэдтэй адил эрхийг эдэлнэ.

Төр дүрвэн ирэгч хүүхдийг хамгаалах, тусламж үзүүлэх, эцэг эхтэй нь эргэн нэгтгэхэд анхаарч ажиллана.

23 дугаар зүйл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн адил нийгмийн амьдралд эрх тэгш оролцож, нэр төртэй сайн сайхан амьдрах эрхтэй.

Төр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцгой хэрэгцээг ойлгож, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх үйлчилгээг үзүүлж хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллах үүрэгтэй.

24 дүгээр зүйл

Хүүхэд чанартай, сайн эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авах, ундны цэвэр ус, тэжээллэг хоол хүнсээр хангагдаж, цэвэр аюулгүй орчинд аж төрөх эрхтэй.

25 дугаар зүйл

Төр нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр асрамжид байгаа хүүхдийн эмчилгээ, сувилгаанд тогтмол үнэлгээ хийх үүрэгтэй.

26 дугаар зүйл

Хүүхэд бүр нийгмийн халамж авах эрхтэй. Төр хүүхдэд зайлшгүй хэрэгтэй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, хоол хүнсийг хүүхдэд хүргэх тогтолцоог бий болгоно.

27 дугаар зүйл

Хүүхэд бүр амьдралын суурь хэрэгцээг хангах хоол, хүнс, хувцас, аюулгүй орчноор хангагдах эрхтэй.

Мөн бие бялдар, оюун ухаан, сэтгэхүйгээ хөгжүүлэх боломжтой орчинд амьдрах эрхтэй.

28 дугаар зүйл

Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй. Хүүхэд энэ эрхээ эдлэхэд төр дараах үүрэг хүлээнэ.

(a) Бага боловсролыг үнэ төлбөргүй заавал эзэмшүүлэх

(b) Дунд боловсролын олон хэлбэрийг бүх хүүхдэд хүртээмжтэй болгох, шаардлагатай бол үнэ төлбөргүй боловсрол олгох

(c) Хүүхэд бүр чадвартаа түшиглэн дээд боловсрол эзэмших боломж бололцоог шаардлагатай бүх арга замаар хангах

29 дүгээр зүйл

Боловсрол нь хүүхдийн хувийн онцлог чанар, авьяас, оюун ухаан, биеийн чадварыг дээд зэргээр хөгжүүлэх зорилготой.

Боловсрол нь хүүхдийг хүний эрх, энх тайвныг дээдэлдэг, ялгаварлан гадуурхлаас ангид, эцэг эх, эх орон, хэл соёлоо ойлгож хүндэтгэдэг хүн болоход бэлтгэнэ.

30 дугаар зүйл

Үндэсний цөөнх хүн амын хүүхдүүд үндэснийхээ соёлыг эзэмших, шашин шүтэх, төрөлх хэлээ сурч, хэрэглэх эрхтэй.

31 дүгээр зүйл

Хүүхэд чөлөөт цагаараа тоглон наадаж, соёлын болон урлагийн үйл ажиллагаануудад оролцох эрхтэй.

32 дугаар зүйл

Хүүхэд өөрийн эрүүл мэнд, боловсрол, хөгжилд муугаар нөлөөлөх аливаа хөдөлмөр эрхлэхээс хамгаалагдах эрхтэй.

33 дугаар зүйл

Хүүхэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх, үйлдвэрлэх болон борлуулахад оролцохоос хамгаалагдах эрхтэй.

34 дүгээр зүйл

Төр нь хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын бүхий л хэлбэрт өртөхөөс хамгаалах үүрэгтэй.

35 дугаар зүйл

Төр нь хүүхдийг аливаа зорилго, хэлбэрээр хулгайлах, худалдах, хил дамжуулан худалдах явдлаас хамгаалах үүрэгтэй.

36 дугаар зүйл

Төр нь хүүхдийн аж байдлыг ямар нэг байдлаар хохироох бүх хэлбэрийн мөлжлөгөөс хүүхдийг хамгаалах үүрэгтэй.

37 дугаар зүйл

Төр нь эрх чөлөөгөө хасуулсан, хасуулаагүй ямар ч хүүхдийг тамлан зовоох, харгис хэрцгийгээр шийтгэх, бүх насаар нь хорих, цаазаар авах ял оноох, хууль бусаар баривчлах, эрх чөлөөг нь хязгаарлах байдлаас хамгаалах үүрэгтэй.

38 дугаар зүйл

Төр нь 15 насанд хүрээгүй хүүхдийг дайн тулаанд биечлэн оролцуулахгүй.

Мөн зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, асран халамжлах бололцоотой бүхий л арга хэмжээг авна.

39 дүгээр зүйл

Төр нь хүчирхийлэл, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжилсон харьцаа, хандлага, зэвсэгт мөргөлдөөний хохирогч болсон хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх, нийгмийн амьдралд буцаан оруулахад шаардлагатай бүх арга хэмжээг авна.

40 дүгээр зүйл

Хүүхэд эрхээ хамгаалуулах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломжоор хангагдаж, өөрийнх нь эрхийг хүндэтгэн үздэг шударга эрх зүйн тогтолцоогоор үйлчлүүлэх эрхтэй.